Алтан овоо - Цогцолбор газар

Ерөнхий танилцуулга

 Дарьганга сумын нутагт орших Монгол улсын их тахилгат дөрвөн уулын нэг. Далайн түвшнээс 1354 м өндөрт өргөгдсөн эртний сөнөсөн галт уулын нэг нь Алтан Овоо юм. Дарьганга гэдэг үгийг түүхчид, судлаачдын тогтоосноор, Дарь- Уул нь галт уулын оргилолт, дарь, хүхэр мэт хүчтэй дэлбэрэлтээс үүсч тогтсон энэ нутгийн ноён оргил, Ганга бол Дарь овоогоос урагш уул, тал, элсэн манханаар хүрээлэгдсэн тунгалаг уст баян нуур тул байгаль дэлхийн хүйн холбоог илэрхийлж энэ нутгийг “Дарьганга” хэмээн нэрлэсэн гэж үздэг байна.

Дарь уул нь зах хязгаар нутагтаа илүү өндөр нь учир “Захын хар өндөр” ч гэж нэрлэж байжээ. 17-р зууны үед Дарь уулын орой дээр алтан ганжирт Батцагаан хэмээх овоо босгосноос хойш Алтан дарь овоо гэх болсон байна. Энэхүү овоог байгалийн үзэсгэлэнгээ дархлан онголох, газар шороогоо хайрлан хамгаалах, хүн ардынхаа сэтгэл зоригийн илэрхийлэл болгон босгоод өгөөж буяных нь ундрага болсон төрсөн нутгаа хайрлах зон олныхоо хиргүй сэтгэлийн баталгааг илэрхийлж бүх сайн үйл бат бэх, ариун цагаан байхыг билэгдэж ийнхүү “Батцагаан” хэмээн нэрлэжээ.

Дарьгангад Манжийн хааны сүрэг байгуулагдсаны дараа Манжийн хааны зарилгаар Дарь овоог жил бүрийн хаврын эхэн сар, зун хоёр удаа тахидаг байсан. 1913 оны намрын дунд сарын 12-нд Богд хааны зарилгаар Алтан дарь овооны тахилыг үйлдэж эхэлсэн байна. 1935 оноос хойш 50 гаруй жилийн турш овооны тахилга зогссон бөгөөд 1990 оноос дахин сэргэж Монгол улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн 2004 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 57 дугаар зарилгаар Төрийн тахилгат овоо болгосны дараа Дарьгангын байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтанд авсан.

Ард түмний тахин шүтэж хайрлан хамгаалж ирсэн газраас гадна аялагч жуулчдын сонирхон ирдэг хамгийн чухал ач холбогдол бүхий газар юм.