УРИАЛГА
Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчны тэмдэглэлт өдөр болох " Дэлхийн байгаль хамгаалах өдөр", " Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр", " Дэлхийн нүүдлийн шувууны өдөр" -ийг тохиолдуулан ДАРЬГАНГА НУТГИЙН ЗОН ОЛОН ТА БҮХНИЙГ БЭЛЧЭЭРИЙН ТАЛХАГДАЛ, ЦӨЛЖИЛТӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ,БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАН ХАМГААЛАХ их үйлсд оролцохыг УРИАЛЖ БАЙНА.
Манай аймгийн ихэнх сумын нутаг дэвсгэрт үлийн цагаан Огтоны тархалт жил ирэх тусам нэмэгдэж бэлчээрийн доройтолд оруулж ЦӨЛЖИЛТ үүсэх болсон. Иймд бэлчээр усаа хамгаалах зорилгоор үлийн цагаан огтонотой биологийн аргаар тэмцэх ажлыг Дарьганга сумын ЗДТГ, Дарьгангын БЦГ- ын хамгаалалтын захиргаанаас санаачилан " ИРГЭН БҮР НЭГ СУУЛТУУР " аяныг орон нутагтаа өрнүүлж байна. Махчин шувуунд хиймэл үүр болон суултуур хийх ажлын зөвлөмж, ач холбогдолын талаар иргэд та бүхэндээ мэдээлэл хүргэж байна. Энэхүү арга хэмжээнд нутгийн ард иргэд, ААНБ, төрийн албан хаагчид идэвхитэй оролцохыг ХҮСЬЕ. 
Монгол орны ихэнх газар нутгийг хээр, говь, цөл, заримдаг цөлийн амьдрах орчингууд эзлэдэг. Эдгээр амьдрах орчингуудад мал аж ахуй их хөгжиж байгаа бөгөөд малчид малаа бэлчээрт гаргахдаа сэлгэн гаргаагүйн улмаас тухайн экосистемд жижиг мэрэгчид амьдрах таатай орчин бүрэлддэг байна. Ийнхүү жижиг мэрэгчид болох үлийн цагаан оготно, монгол чичүүлийн тоо толгой байх ёстой хэмжээнээс хэтэрсэнээр тэдгээрийн гол идэш тэжээл болох өвс буюу бэлчээрт сөрөгөөр нөлөөлж талхагдалд оруулах үндсэн шалтгаан болдог байна. Иймээс тухайн экосистем дэх идэш тэжээлийн хэлхээний дээд төвшинд байрлах махчин шувуудын оролцоотойгоор бэлчээрийн хортон гэгдэх жижиг мэрэгчдийн тоо толгойг байгалийн аргаар нь зохицуулан хянах боломжтой юм. Учир нь хээр болон цөлөрхөг хээрийн экосистемд махчин шувууд үүрлэх, амрах, өндөр хад чулуу зэрэг хомс байдаг тул тухайн газар нутагт махчин шувууд ховор үзэгдэх эсвэл үржлийн бус байдлаар өнгөрүүлдэг байна. Иймээс махчин шувуудад зориулан хиймэл үүр болон сууж амрах суултуурыг мэрэгч ихтэй нутагт байрлуулсанаар бэлчээрийн гарц сайжрах бүрэн боломжтой байдагийг “Хиймэл үүр” төслийн үр дүнгээс харж болно. 
Уг төслийн судалгаагаар махчин шувууд их сонгож үүрлэж буй хиймэл үүрийг 2006 онд Төв аймгийн Баян, Баянцагаан суманд байрлуулсан 4 загварын хиймэл үүрний судалгаан дээр үндэслэн сонгосон. Тухайн загвараар хийсэн 5000 ширхэг үүрийг 2010 онд 5 аймгийн (Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Төв, Хэнтий) 20 байрлуулсан. Төслийн мониторингийн судалгаагаар тухайн хиймэл үүрэнд 4 зүйлийн махчин шувуу болох Идлэг шонхор, Шилийн сар, Начин шонхор, Хон хэрээ үүрлэдэг болохийг тогтоосон. Мөн 1 Идлэг шонхор шувуу өдөрт 13- 60 ширхэг үлийн цагаан оготно иддэг болохыг тогтоож, жил ирэх бүр хиймэл үүрэнд үүрлэсэн махчин шувуудын тоо нэмэгдэж, мэрэгчдийн тоо толгой эрс цөөрж буйг судалгааны үр дүнгээр харуулсан.
1. Хиймэл үүрний хэмжээ: 
Махчин шувуу үүрлэх боломжтой хиймэл үүрний загвар
Шонгийн өргөн 89мм, өндөрийн хэмжээ 3м ( 2.6 метрийг газрын дээд хэсэгт гаргахаар, үлдсэн 40 см –ийг газрын доор чулуу болон цемент ашиглан сайтар байрлуулах). 
Шонгийн дээр байрлах поошигний диаметр 60 см, Шувуу орж гарах нүхний хэмжээ 30х30 см, Поошигний дээр байрлах сэртэнгийн хэмжээ 10х10 см. Шувууд үүрлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрний дотор талд бага зэрэг шороо дэвсэж өгөх, мөн агаар орох 3-4 нүхийг поошигийг тойруулан 100-н хадаасаар гаргаж өгөх. 
Поошиг болон шонг хооронд гагнаж өгөхийн тулд 20х20 см хэмжээтэй 4 талдаа боолтны нүх орохоор цоолсон хавтгайг төмөрийг ашиглана. 
2. Махчин шувуудын түр амрах, суух зориулалт бүхий суулт: 
Хээр болон цөлөрхөг хээрийн экосистемд махчин шувууд сууж амрах, гөрөө болох амьтанаа агнах өндөрлөг газар бүхий хад, асга хомс байдаг тул өндөр хүчдэлийн шонг ихээр ашигладаг. Ингэснээр тухайн шувуунд өндөр эрсдэл үүсэн өндөр хүчдэлд цохиулж үхэх эрсдэлтэй байдаг. Өндөр хүчдэлийн судалгаагаар 1 жилд 4000 Идлэг шонхор шувуу цохиулж үхдэг байна. Иймээс хээр болон цөлийн амьдрах орчинд махчин шувуунд зориулан суултуур болон хиймэл үүр байрлуулах нь өндөр хүчдэл дээрх үхэл хорогдолыг бууруулахаас гадна, бэлчээрийн гарц сайжруулахад ач хобогдолтой.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now