2018 оны 06 сарын 09
Дарьгангын БЦГ-ын хамгаалалтын захиргаанаас 3 дугаар сараас эхлэн тодорхой батлагдсан арга зүй дагуу Нүүдлийн болон суурин шувууд, түүний үржил, үүрлэлт, шилжилт хөдөлгөөнд мониторинг судалгааны ажлыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж байна. Дарьгангын БЦГ-т нийт 24 овгийн 94 төрөлд хамаарах 175 зүйлийн шувууд бүртгэгдсэн байдаг. Энэ нь МО-ны нийт шувуудын зүйлийн бүрэлдэхүүний 41 хувийг эзлэж байгаа нь Дарьгангын БЦГ-нь нүүдлийн болон суурин шувуудад чухал ач холбогдолтой нь харагдаж байна. Энэ жилийн хувьд нүүдлийн шувууд өмнөх оныхоос хожуу ирсэн. Дарьганга орчимд усны шувуудаас жил бүр хамгийн түрүүнд ирдэг нь гангар хун (Cygnus cygnus) бөгөөд 3 сарын 22-нд эхний хос Зэгст нууранд ирсэн. Өдөр бүр ажиглалт хийж буй нууруудад шувуудын төрөл зүйл нэмэгдэж байна. Хамгийн сүүлчийн ажиглалтаар хондон ангир, мөнгөлөг цахлай, зэрлэг нугас, шовтгор алаг нугас, халбага нугас, гэзэгт нугас, Сибирь хайруулдай, үүрэн сүүлт зана, бор тодол, гургалдай хөх зоот, алаг бужирга, Цэн тогоруу зэрэг олон зүйлүүд шувууд нүүдлийн үедээ амарч, хооллох байдлаар дамжин өнгөрч байна. 2018.04.19- нд Ганга нуурт нийт 21 тооны Цэн тогорууг тоолж бүртгэсэн. Мөн Зэгс нуур, Дагшин булагт 2 бодьгал тоологдсон. Цэн тогоруу нь МО-ны улаан номонд орсон нэн ховор шувуу юм. Энэ орчимд нүүдлийн шувуудын дамжин өнгөрөх оргил үе нь 4 сарын сүүлийн 7 хоногоос 5 сарын 20 хүртэл байдаг.Судалгаагаар явах үед авсан зарим нэг зурагнуудаас оруулав.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ